ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХ

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Амгалан дулааны станцын  технологи  үйл ажиллагаанд тохирсон  нүүрсний нөөцийг бүрдүүлэх ажлыг төлөвлөх, тасралтгүй хангах, талбайд ирсэн нүүрсийг  түргэн шуурхай буулгах, нүүрсний чанарыг алдагдуулахгүй хадгалах зуухыг нүүрсээр тасралтгүй хангах

ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХ. Түлш дамжуулах цех нь станцад ирсэн технологийн шаардлага хангасан түүхий нүүрсийг цаг алдалгүй түргэн шуурхай буулгах, нөөцөлсөн нүүрсний чанарыг алдагдуулахгүй хадгалах, зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй.

Түлш дамжуулах цех нь цехийн дарга, Ашиглалтын инженер, Засварын инженер, Ээлжийн дарга, буюу удирдах щитний машинч, түлш дамжлагын машинч, вагон хөмрөгчийн машинч, нүүрс нуруулдан овоолох төхөөрөмжийн машинч, вагон пүүлэгч буюу дамжлагын машинч, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан гэсэн нийт 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Үндсэн үйл ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудыг дурдвал:

  1. Уурхайнуудаас үндсэн түүхий эд болох нүүрсийг цаг алдалгүй хүлээн авч буулган талбайд нөөцөлж, нүүрсээр зуухыг тасралтгүй тэжээж ажилласан. Өвлийн оргил ачааллын үед вагон буулгахад хөлдөлт ихтэй байдгаас буулгалт удаашралтай байдаг боловч вагон хөмрөгчийн машинч нар ээлждээ 32 вагон буулгасан. Мөн А болон Б шугамыг зэрэг ажиллуулах схемээр зуух руу нүүрсийг татсанаар богино хугацаанд бункерийн түвшнийг гаргадаг болсон нь ажилчдын хариуцсан ажилдаа хандах хандлага сайжирч, тоноглолтой ажиллах арга барил дадлагажсаны илрэл юм.
  2. Вагон хөмрөгчийн хоосон вагон гаргах хэсэгт вагоныг гүйцэд гаргаж болдоггүйгээс хоосон вагон талын хаалга байнга нээлттэй байж, дотор халаалтын шугам хоолой хөлдөх хүндрэл гардаг байсныг вагон чирэгчээр татаж гаргадаг болсноор хүндрэл арилсан.
  3. Дамжлагын А,Б шугамд анхдагч бутлуур суурилуулж зүгшрүүлснээр үндсэн булт бутлуур дээр ирэх ачааллыг багасгаж, тоноглолын найдвартай ажиллагааг хангасан. Мөн булт бутлуур А,Б-ийн ремений хамгаалалтын хийцэд өөрчлөлт хийж, хөнгөн торон хийцтэй, голоор нь салгаж авдаг болгосноор засвар үйлчилгээ хийхэд хялбар, хаалтын ард тоос хуримтлагдахааргүй болгосон. Булт бутлуур А,Б-ийн 2 хажуу талын завьж хэсгээр нүүрс асгарч дамжлага №4-ийн төгсгөл хэсэгт асгарч тоосордог бутлагчийн тавцан хэсэгт их хэмжээгээр тоосордог байсныг засаж хаалт хийж тоосролтыг бууруулсан.
  4. Дамжлага №1, №3А,Б, №5А,Б буух хоолой лотокны хэсэгт ус шүршигч суурилуулж, орчны тоосролтыг багасгасан.
  5. Түлш дамжуулах цехэд ачаатай хагас вагоныг жинлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн хяналтын шаардлагад нийцсэн 50-150 тн хүртэлх ачааг пүүлэх хүчин чадалтай, 20-50 кг нарийвчлалтай, овор хэмжээ багатай, удирдлагын системийг нь вагон хөмрөгчийн удирдлагын байранд суурилуулсан вагон жинг ашиглаж эхэлснээр станцад ирж буй нүүрсний жинг бодитоор тооцож төлбөр тооцоо хийх, талбайн үлдэгдэл, нүүрсний орлого зарлагыг бодитой тооцон гаргах, нүүрс худалдан авалт, вагон таталт, төлөвлөлтийг үр дүнтэй зохион байгуулах боломжтой болсон.
  6. Нуруулдан овоолох төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, төхөөрөмжийн явах ангийн хязгаарын мэдрэгчийн байрлалыг өөрчилж, явах замын хязгаарыг 4м хүртэл ахиулснаар талбайн урд хэсэгт нүүрс буух боломжгүй байсан талбайд 3000-5000 тн хүртэл нүүрс нэмж нөөцлөх боломж бүрдсэн.